
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон нийтлэл хүргэж байна.
1. АНУ, Иран цохилтоо түр зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ үргэлжилж байна
2. Хятадын AI салбарын өсөлт эрчимжиж, АНУ-тай өрсөлдөх өрсөлдөөн ширүүсэв
3. SK Hynix-ийн АНУ дахь бүртгэл Өмнөд Солонгосын воны ханшийг дэмжив
1. АНУ, Иран цохилтоо түр зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ үргэлжилж байна
АНУ Ираны эсрэг 13 шөнө дараалан явуулсан агаарын цохилтоо түр зогсоолоо. Ираны тал мөн агаарын цохилтоо түр хугацаанд зогсоосноо мэдэгдэж, АНУ дахин цохилт өгвөл мөргөлдөөн үргэлжлэхийг анхаарууллаа. АНУ-ын засаг захиргаа бүх хувилбарыг нээлттэй хэвээр үлдээж, одоогийн завсарлагыг дипломат хэлэлцээнд боломж олгох алхам хэмээн тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Иран, Оманы төлөөлөгчид Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх асуудлаар Тегеран хотод уулзсан байна. Талууд тус хэлэлцээг тодорхой ахиц гарсан гэж мэдээлсэн ч Ормузын хоолойн тээврийн хөдөлгөөн хэвийн болоогүй хэвээр байна.
Цохилт түр зогссон тухай мэдээллийн дараа АНУ-ын хувьцааны индексийн фьючерсүүд өсөж, Brent төрлийн газрын тосны үнэ 7.4 хүртэл хувиар буурч, нэг баррель нь $90-аас доошилсон байна. Гэвч Йемений хэсэг болох Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолойд Хуситууд буюу Йеменд үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл болон Саудын Арабын хооронд мөргөлдөөн нэмэгдэж, газрын тосны тээврийн чухал замд шинэ эрсдэл үүсээд байна.
Ийнхүү АНУ, Ираны шууд мөргөлдөөн богино хугацаанд намжсан ч Ормузын хоолой нээгдэх эсэх, Хуситуудын халдлага үргэлжлэх эсэх болон АНУ дахин цохилт өгөх шийдвэр гаргах эсэх нь газрын тосны үнэ, инфляцын хүлээлт болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн цаашдын хөдөлгөөнд голлон нөлөөлөхөөр байна.
2. Хятадын AI салбарын өсөлт эрчимжиж, АНУ-тай өрсөлдөх өрсөлдөөн ширүүсэв
Хятад, АНУ-ын технологийн өрсөлдөөн AI-ийн загвараас давж, хагас дамжуулагч, дата төв, эрчим хүч, үүлэн тооцоолол болон харилцаа холбооны дэд бүтцийг хамарсан өргөн хүрээний стратегийн өрсөлдөөн болж өргөжиж байна. АНУ дэвшилтэт AI чипийн экспортод хязгаарлалт тавьж байгаа бол Хятад бага тооцооллын нөөцөөр өндөр гүйцэтгэлтэй загвар хөгжүүлэх, нээлттэй эх сурвалж (open source)-ийн технологийг дэлхийд түгээх замаар өрсөлдөх байр сууриа бэхжүүлж эхэллээ.
Deep Seek IPO-р дахин санхүүжилт татна. Энэ өөрчлөлтийн гол төлөөлөгчдийн нэг нь DeepSeek юм. Тус компани АНУ-ын дэвшилтэт чипийн экспортын хязгаарлалтын орчинд харьцангуй бага тооцооллын нөөц ашиглан өрсөлдөх чадвартай AI загвар хөгжүүлж болохыг харуулсан. DeepSeek 2026 оны 6 сард Tencent, CATL болон Хятадын Үндэсний хиймэл оюуны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын сан зэрэг томоохон хөрөнгө оруулагчдаас 7 тэрбум ам.долларын санхүүжилт татсан бөгөөд цаашид тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэх, AI загваруудаа хөгжүүлэх болон IPO хийхээр бэлтгэж байна. Гэхдээ компанийн удирдлага богино хугацааны орлогоос илүү суурь судалгаа болон ерөнхий хиймэл оюунд хүрэх урт хугацааны зорилгыг тэргүүнд тавьж буйгаа илэрхийлжээ.
Moonshot компани IPO хийхээр төлөвлөж байна. Хятадын AI салбарын дараагийн томоохон тоглогч нь Moonshot AI болж байна. Тус компанийн Kimi K3 загвар нь АНУ-ын тэргүүлэх системүүдтэй өрсөлдөхүйц үзүүлэлт харуулж, дэлхийн AI салбарын анхаарлыг татав. Moonshot загвараа олон нийтэд нээлттэй болгосноор хөгжүүлэгчид тус загварыг татаж авах, өөрчлөх болон өөрийн сервер дээр ажиллуулах боломжтой болж байна. Энэ нь хаалттай системд тулгуурладаг АНУ-ын зарим өрсөлдөгчөөс ялгаатай стратеги бөгөөд Хятад улс хямд өртөг, нээлттэй хэрэглээ болон өргөн хүртээмжээр дэлхийн хэрэглэгчдийг татахыг зорьж байгааг харуулж байна.
Kimi K3 загвар гарснаас хойш Moonshot-ийн өдөр тутмын борлуулалт ойролцоогоор зургаа дахин өссөн бөгөөд компани $50 тэрбумын үнэлгээгээр шинэ хөрөнгө оруулалт татаж, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хятадын үндэсний хөтөлбөр: Зургаан сүлжээ гэж юу вэ? Хятадын стратеги зөвхөн AI загвар хөгжүүлэхээр хязгаарлагдахгүй. Бээжин “Зургаан сүлжээ” (Six networks) нэртэй үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл эрчим хүч, ус, харилцаа холбоо, тооцооллын хүчин чадал, логистик болон хотын шугам сүлжээг нэгдсэн байдлаар шинэчлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалт 26 их наяд юань буюу ойролцоогоор 3.8 их наяд ам.доллар давах тооцоотой. Үүний хүрээнд өндөр хүчин чадлын суперкомпьютер, AI дата төв, хиймэл дагуулын интернет, өндөр хурдны шилэн кабель болон 6G сүлжээг хөгжүүлэхээр зорьжээ.
Хятад улс орон даяарх дата төвүүдийг өндөр хурдны сүлжээгээр холбож, сул хүчин чадалтай төв рүү AI тооцооллын ажлыг автоматаар шилжүүлдэг үндэсний нэгдсэн систем байгуулахыг зорьж байна. Мөн дата төвүүдийн өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд сэргээгдэх эрчим хүч, холын зайн цахилгаан дамжуулах сүлжээ болон эрчим хүч хадгалах байгууламжид хөрөнгө оруулж байгаа юм. Ингэснээр AI хөгжүүлэлтийг зөвхөн чипээс хамаарах бус, эрчим хүч, тооцоолол болон харилцаа холбооны нэгдсэн давуу талд тулгуурлуулах боломж бүрдэнэ.
Хятад-АНУ AI өрсөлдөөн: АНУ-ын хувьд Meta, Google, Amazon зэрэг технологийн компаниуд дэвшилтэт чипээр тоноглогдсон дата төвүүдэд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Хятадын гол давуу тал нь төрийн дэмжлэгтэй томоохон дэд бүтэц, нээлттэй эхийн загвар, бага өртөгтэй үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргөн суурь юм. Харин дэвшилтэт чипийн хүртээмж, хөрөнгө оруулалтын санхүүжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон АНУ-ын экспортын хязгаарлалт нь гол эрсдэл хэвээр байна. Гэсэн хэдий ч DeepSeek болон Moonshot-ийн сүүлийн үеийн амжилт Хятад улс АНУ-ын AI салбарын тэргүүлэх байр суурийг богино хугацаанд бүрэн булаахгүй ч технологийн зөрүүг хурдацтай багасгаж, дэлхийн AI зах зээлийг хоёр өөр экосистемд хуваах хэмжээнд хүрч байгааг харуулж байна.
3. SK Hynix-ийн АНУ дахь бүртгэл Өмнөд Солонгосын воны ханшийг дэмжив
SK Hynix АНУ-ын зах зээлд хувьцаагаа бүртгүүлж, $26.5 тэрбумын хөрөнгө татсан нь Өмнөд Солонгосын валютын зах зээлд томоохон нөлөө үзүүллээ. Тус компани татан төвлөрүүлсэн ам.долларынхаа тодорхой хэсгийг вон руу хөрвүүлсэн нь валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, воны ханш чангарах гол шалтгаануудын нэг болов.
Энэ үйл явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын Засгийн газар экспортлогч компаниудаа гадаадад хадгалж буй орлогоо эх орондоо татаж, ам.долларыг вон руу илүү идэвхтэй хөрвүүлэхийг уриалж байна. Төв банкны валютын нөөцийг ашиглан зах зээлд шууд оролцохоос илүүтэй томоохон компаниудын валютын урсгалаар воны ханшийг тогтворжуулах нь зардал багатай арга гэж эрх баригчид үзэж байгаа юм.
SK Hynix-ийн ам.долларын борлуулалт бусад компаниудад ч нөлөөлж эхэлжээ. Hanwha Ocean 7-р сарын эхээр ойролцоогоор $2 тэрбумын форвард борлуулалт хийсэн бол Samsung Electronics, Hyundai Motor болон усан онгоц үйлдвэрлэлийн томоохон компаниудад гадаад валютын орлогоо татах, валютын эрсдэлийн хамгаалалтаа нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Өмнөд Солонгосын экспортлогч, импортлогчдын ам.долларын цэвэр форвард борлуулалт II улиралд $17.4 тэрбумд хүрсэн нь сүүлийн 18 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Дээрх графикаас харахад вон 6-р сард 2009 оноос хойших хамгийн сул түвшнийхээ орчимд хүрсний дараа 7-р сард ам.долларын эсрэг ойролцоогоор 6 хувиар чангарчээ. Ингэснээр оны эхний хагаст Азийн хамгийн сул валютуудын нэг байсан вон 7-р сарын хамгийн сайн үзүүлэлттэй валют болж байна.
Дүгнэлт: АНУ, Иран талууд цэргийн ажиллагаагаа түр зогсоогоод байгаа ч Иемений өмнөд хэсгийн Баб-эль-Мандебын хоолойд мөргөлдөөн нэмэгдсэнээр геополитикийн шинэ эрсдэл үүсэв. 2 сарын 28-наас хойш үргэлжилж буй АНУ–Ираны мөргөлдөөнд бодитой шийдэл гараагүй хэвээр байгаа нь газрын тосны нийлүүлэлт, инфляц болон дэлхийн эдийн засагт дарамт учруулсаар байна.
Үүний зэрэгцээ 2026 оны II хагас эхэлснээр Хятадын хиймэл оюуны салбарын өсөлт эрчимжиж, DeepSeek, Moonshot AI зэрэг тэргүүлэх компаниуд IPO хийхээр бэлтгэж эхэллээ. Эдгээр компаниудын хөрөнгийн зах зээлд гарах үйл явц нь Азийн технологийн салбарын хамгийн том IPO-нуудын нэг болох хүлээлтийг бий болгож байна.
AI-ийн өсөлтөөс ашиг хүртэж буй Азийн компаниудын дундаас SK Hynix нь АНУ дахь хувьцааны бүртгэлээр татсан их хэмжээний хөрөнгө нь зөвхөн компанийн үнэлгээг өсгөөд зогсохгүй Өмнөд Солонгосын воны ханшид хүртэл мэдэгдэхүйц нөлөө үзүүлэв. Энэ нь хиймэл оюуны өсөлтийн давлагаа технологийн компаниудаас хальж, валютын зах зээл болон бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрснийг харуулж байна.