АНУ-ын түүхий эдийн нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрэв - Томоохон хөрөнгө оруулагчид түүхий эд рүү хөрөнгөө байршуулж байна

АНУ-ын түүхий эдийн нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрэв - Томоохон хөрөнгө оруулагчид түүхий эд рүү хөрөнгөө байршуулж байна
Dec 15, 20255 days ago
475
4 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. Ам.долларын ханшийн уналт хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

  2. ХНС-аас зах зээл дэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ.

  3. АНУ-ын түүхий эдийн нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрэв - Томоохон хөрөнгө оруулагчид түүхий эд рүү хөрөнгөө байршуулж байна


    1. Ам.долларын ханшийн уналт хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

12-р сарын 10-нд Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүг 25 нэгжээр бууруулсан нь энэ онд хийсэн гурав дахь бууруулалт байсан бөгөөд 2025 онд нийтдээ 75 нэгжээр буурав. ХНС-ын дарга Жером Пауэлийн хэлснээр ажилгүйдэл болон инфляц зорилтот түвшинээс харьцангуй өндөр байгаа тул ойрын хугацаанд хүүг дахин бууруулахгүй байх дохио өгсөн нь 2026 онд бодлогын хүүг эрчимтэй бууруулна гэсэн хүлээлттэй байсан хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ төрүүлэв.

Frame 1686553468.pngИйнхүү бодлогын хүүг бууруулснаар ам.долларын ханш үргэлжлэн буурсаар байна. Ам.долларын ханш буурах нь зах зээлд хэд хэдэн сувгаар нөлөөлдөг. (1) долларын ханш сулрах үед АНУ-ын экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэж, гадаад зах зээлээс орж ирэх орлого харьцангуй дэмжигдэх боломжтой (2) импортын өртөг өсөх эрсдэлтэй тул инфляцын дарамт дахин сэргэх магадлал үүснэ (3) эрсдэлтэй актив руу чиглэх хөрөнгийн урсгалыг нэмэгдэх хандлагатай. Хөрөнгө оруулагчдын зүгээс ам.долларын сулрах эрсдэлийг “хедж” хийх зорилгоор алт болон биткойн зэрэг рүү хөрөнгөө шилжүүлэх хөдөлгөөн эрчимжиж байна. Биткойны хувьд дөрвөн жилийн мөчлөг (halving-тэй холбоотой цикл) 2026 онд дахин идэвхжих хүлээлт бий болсон нь анхаарлыг татаж, крипто зах зээл рүү орох урсгалыг дэмжих хүчин зүйл болж байна. Үүний зэрэгцээ доллароос өөр хөрөнгө рүү чиглэсэн энэхүү хандлага нь ам.долларын ханшид улам дарамт үүсгэх төлөвтэй байна.

Frame 1686553469.pngМөн өнгөрсөн 7 хоногт ХНС-ын хурлын дараа Oracle компани санхүүгийн тайлангаа танилцуулсан бөгөөд үзүүлэлтүүд ерөнхийдөө сайн гарсан ч хиймэл оюунтай холбоотой ирээдүйн орлогын төсөөллөө бууруулснаар “AI-ийн хөөсрөл” гэх айдас дахин сэргэж, үүний нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн зах зээл баасан гарагт уналттай хаагдлаа.


2. ХНС-аас зах зээл дэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ.

Нью-Йоркийн ХНС 12-р сарын дундуур 3 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондоос $40 тэрбум ам.долларын худалдан авалт хийхээ зарлалаа. Цаашлаад 2026 оны эхний улиралд АНУ-ын ХНС сар бүр $40 тэрбумын худалдан авалт хийхээр төлөвлөсөн нь зах зээл дэх мөнгөний урсгал саарах хандлагыг бууруулж, өмнө нь ажиглагдаж байсан “мөнгөний урсгал хумигдана” гэх болгоомжлол арилж, 2026 оны хоёрдугаар сард хэвийн төлөвт шилжих хүлээлттэй боллоо. Ийнхүү ХНС-ын TGA дансанд хуримтлагдаад байсан $1 их наяд зах зээл рүү чиглэж эхэлсэн бөгөөд $800 тэрбум руу буураад байна.

Frame 1686553471.png


3. АНУ-ын түүхий эдийн нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрэв - Томоохон хөрөнгө оруулагчид түүхий эд рүү хөрөнгөө байршуулж байна

Тарифын эрсдэлтэй холбоотойгоор АНУ-ын үйлдвэрүүд урьдчилан худалдан авалтаа эрчимжүүлсний үр дүнд зэс, мөнгөний хуримтлагдсан нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрээд байна. Үүнтэй зэрэгцэн олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлт ажиглагдаж байгаа нь нөөц тодорхой улс оронд төвлөрөх, мөн ам.долларын ханш сулрах эрсдэлээс зайлсхийж буй хөрөнгө оруулагчид зэс, алт, мөнгө зэрэг түүхий эд рүү хөрөнгөө байршуулж эхэлсэнтэй холбоотой.
Валютын эрсдэлийг “хедж” хийх зорилгоор таваарын зах зээл рүү хөрөнгө шилжүүлэх нь түүхэндээ түгээмэл үзэгдэл. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хандлага дээр Ойрх Дорнод дахь мөргөлдөөн, Орос–Украины дайн зэрэг геополитикийн эрсдэлийг давхар хеджлэх хэрэгцээ нэмэгдсэнээр түүхий эдийн зах зээлд чиглэх урсгал улам хүчтэй болж байна.

Frame 1686553470.pngТомоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө төвлөрүүлж буй хандлагыг харахад сүүлийн үед өсөлт хамгийн хүчтэй байгаа гурван салбар нь түүхий эд, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарын компаниуд болж байна. Үүнээс үзэхэд үйлдвэрлэлийн идэвхжил болон дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж байна. Учир нь бодлогын хүү буурч, банкуудын заавал хадгалах нөөцийн шаардлага зөөлөрснөөр санхүүжилтийн өртөг багасаж, бизнесүүдийн хувьд хөрөнгө татах, үйл ажиллагаагаа тэлэх боломж нэмэгддэг. Эдгээрээс харахад үйлдвэрлэлийн салбарын идэвхжил нэмэгдэх дохио болж байна.

Frame 1686553472.pngНикель одоогоор хамгийн өндөр beta-тай түүхий эдүүдийн нэг бөгөөд ханшийн өсөлтөөрөө сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн өндөр гүйцэтгэл үзүүлээд байна.
Манай зүгээс 2025 онд санал болгосон зэсийн ETF болох COPX нь он гарснаас хойш 78%-ийн өсөлт үзүүлжээ. 2026 онд бид зэсийг хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой бүтээгдэхүүнээр дахин онцолж байгаа бөгөөд үүний зэрэгцээ алтыг мөн санал болгож байна.

Frame 1686553473.png---

Дүгнэлт:

  • ХНС-ын хэрэгжүүлж буй эдийн засгийн зөөлөн бодлогын нөлөөгөөр ам.долларын ханш 2025 онд сулрал үргэлжилж байгаа нь биткойн болон голлох түүхий эдүүдийн ханшинд эерэг нөлөө үзүүлж байна.
  • Томоохон хөрөнгө оруулагчид түүхий эдүүдэд хөрөнгөө байршуулж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн ам.долларын ханшийн уналт төдийгүй зарим улс орнуудад нөөцийн төвлөрөл нэмэгдсэн байдал, мөн геополитикийн эрсдэлүүд (зөрчил мөргөлдөөн, дайн, нийлүүлэлтийн тасалдал зэрэг) голлох нөлөөлөх хүчин зүйлс болж байна.
Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.