
Сансрын эдийн засаг гэдэг нь хиймэл дагуул, пуужин үйлдвэрлэлээс гадна холбоо, GPS, цаг агаар, газрын зураглал зэрэг технологид суурилсан үйлчилгээ, өгөгдөл ашиглалт, инновацыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм.
Эдгээр технологи нь логистик, хөдөө аж ахуй, байгаль орчны мониторинг, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт зэрэг салбарт бодит үр ашиг өгч байна. Мөн сансрын аялал, asteroid-оос ашигт малтмал олборлолт зэрэг шинэ салбарууд нь түүхий эд, эрчим хүчний ирээдүйн эх үүсвэр болох боломжтой.
Энэ салбар нь ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн гол хөшүүрэг болон хөгжих төлөвтэй.
Space Economy салбарын түүхэн хөгжил
Сансрын эдийн засаг нь анх шинжлэх ухаан, төрийн аюулгүй байдлын зорилгоор хөгжиж эхэлсэн. 1957 онд ЗХУ-ын Спутник-1 хиймэл дагуулыг хөөргөснөөр сансрын эрин эхэлж, 1969 онд АНУ саран дээр анх удаа хүн буусан нь шинэ үеийн эхлэл болов.
Эхэн үедээ энэхүү салбар төрийн төсвөөр санхүүждэг байсан бөгөөд шинжлэх ухаан болон батлан хамгаалалтын зориулалттай байв. Харин 1980-аад оноос хиймэл дагуулын холбоо, телевизийн суваг дамжуулалт, GPS зэрэг үйлчилгээ хөгжиж, хувийн хэвшлийн оролцоо эрс нэмэгдсэн.
21-р зуунд технологийн дэвшил нэмэгдсэнээр пуужинг дахин ашиглах боломжтой болсон бөгөөд үүнээс үүдэлтэй үйл ажиллагааны зардал буурсан нь уг салбарын өсөлтийн гол тулгуур болж байна.
Сансрын эдийн засаг хурдацтай тэлж байгаа бөгөөд долоо хоног бүр шинэ технологи, инновац хийгдэж байна. Шинэ төрлийн пуужин турших, хиймэл дагуул хөөргөх, робот саран дээр газардах зэрэг нь салбарын эрчимтэй хөгжлийг харуулж байна. Space Economy-ийн зах зээл 2023 онд 630 тэрбум ам.долларт хүрсэн бол 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрнэ гэсэн таамаг бий. Энэ өсөлт нь дараах хоёр чиглэлээр бий болдог:
Нийт зах зээлийн 60%-ийг Хойд Америк дангаар бүрдүүлж байна. SpaceX, Blue Origin зэрэг АНУ-ын хувийн хэвшлүүдийн инновац, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалт зэргээс үүдэлтэй байна. Ази, Номхон Далайн бүс ойролцоогоор 20%-ийг эзэлж байна. Хятад, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн хиймэл дагуулын технологи, холболтын төслүүдийн хурдтай хөгжиж байна. Европ ойролцоогоор 15%-ийн зах зээлийг бүрлүүлж байгаа бөгөөд Европын сансрын агентлаг(ESA)-ийн хөтөлбөрүүд болон хувийн салбарын оролцоо энэхүү байр суурийг хадгалж байна. Харин Латин Америк, Ойрхи Дорнод, Африк нийлээд ойролцоогоор 5%-ийг эзэлж байна. Хэдий тэдний эзлэх хувь бага ч хиймэл дагуулын үйлчилгээ хөгжүүлэх замаар өсөж байна.

1. Хиймэл дагуулын үйлдвэрлэл (B2B)
Энэ сегмент нь сансрын эдийн засгийн хамгийн том хэсэг бөгөөд нийт зах зээлийн 61%-ийг эзэлдэг. Үндсэн үйл ажиллагаа нь дараах чиглэлүүдийг хамардаг байна:
2. Хэрэглэгчийн үйлчилгээ (B2C)
Хиймэл дагуул ашиглан аж ахуйн нэгж болон иргэдэд үзүүлж болох бүхий үйлчилгээ энэхүү сегментэд хамаардаг. Нийт сансрын эдийн засгийн 22%-ийг эзэлдэг.
3. Засгийн Газрын сансрын систем (B2G)
Үндэсний болон олон улсын сансрын агентлагуудын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, аюулгүй байдал, цэргийн зориулалттай төсөл зэрэг төрийн санхүүжилттэй бүх хөтөлбөрийг хамардаг. 2025 онд энэ сегмент нь нийт сансрын эдийн засгийн ойролцоогоор 17%-ийг эзэлж байна.
Улс орнууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл дагуулын сүлжээ ашигладаг. АНУ-д NASA, Европт ESA зэрэг агентлагуудын хийдэг сансрын судалгаа, гариг хоорондын аялал, телескопын төсөл. Жишээ нь: Artemis хөтөлбөр (Сар руу буцах), James Webb Space Telescope. Мөн Олон Улсын Сансрын Станцын байгууллага (ISS) нь улс хоорондын хамтын ажиллагаа явуулж технологи, мэдлэг солилцоход чухал үүрэг гүйцэтгэж байна.
Сансрын салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх нь өртөг өндөртэй тул тухайн салбарыг бусад томоохон салбаруудтай харьцуулахад илүү эрсдэлтэй гэж тооцдог. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тус салбарын өсөлт эрчимтэй байна. Иймээс сансрын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад ганц компанид бус, тус салбарын компаниудыг багцалсан ETF-үүдэд хөрөнгө оруулахыг санал болгож байна.
ARK Space & Defense Innovation ETF (ARKX): ARKX нь урт хугацаанд хөрөнгийн өсөлтийг зорьж, хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлд нийт хөрөнгийнхөө дор хаяж 80%-ийг “Сансрын судалгаа болон батлан хамгаалах инновац”-д оролцдог дотоод болон гадаад компанийн хувьцаанд байршуулдаг. ARKX-д багтсан компаниуд нь “сансар” болон “батлан хамгаалах инновац”-ийн хүрээнд технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, ашиглалтад чиглэсэн.
iShares U.S. Aerospace & Defense ETF (ITA): Энэ ETF нь АНУ-ын батлан хамгаалах болон агаарын салбарт төвлөрсөн бөгөөд онгоц, цэргийн тоног төхөөрөмж, хиймэл дагуул үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулж, салбарын өсөлтөөс ашиг хүртэх боломжийг олгодог.
Procure Space ETF (UFO): Энэ хөрөнгө оруулалтын сангийн зорилго нь “S-Network Space Index” нэртэй индексийн үзүүлэлтийг дагадаг. Энэ индекс нь сансрын бизнес эрхэлдэг дэлхий даяар арилжаалагддаг компаниудын жагсаалт бөгөөд хиймэл дагуулын технологи ашигладаг компаниуд багтдаг. Хөрөнгийнхөө дор хаяж 80%-ийг сансрын бизнесээс орлого, ашгийнхаа 50%-иас дээш хувийг олдог компаниудад байршуулдаг.


Дүгнэлт: Сансрын эдийн засаг ойрын жилүүдэд зардал багатай, илүү үр ашигтай болох боломжтой. Үүний гол шалтгаан нь дахин ашиглах боломжтой пуужин, жижиг хиймэл дагуул зэрэг технологиудын хөгжүүлэлт юм. Мөн хиймэл оюун ухаан (AI) нь сансрын үйл ажиллагааг автоматжуулж, өгөгдөл боловсруулах хурдыг нэмэгдүүлснээр зардлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулна. AI ашигласнаар пуужин хөөргөх төлөвлөлт, хиймэл дагуулын засвар, сансрын өгөгдлийн анализ илүү нарийвчлалтай болж, салбарын өсөлт хурдасна.
*Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын өмнө заавал мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөс зөвлөгөө авч, тухайн шийдвэрийн эрсдэлийг бүрэн ойлгохыг зөвлөж байна. Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл, мэдээний зориулалттай бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын санал, зөвлөмж, баталгаа өгөх зорилготой бус юм. Хөрөнгө оруулах эсэх шийдвэрийг та өөрийн судалгаа, үнэлгээнд тулгуурлан бие даан гаргаарай.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж